Мэдээ

ОЮУТНУУД ФРАНЦЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМТАЙ ТАНИЛЦЛАА

МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн ахлах багш Д.Оюунсүрэнгийн заадаг “Дипломат ба консулын харилцц” болон “Дипломат ёслол, баримт бичиг боловсруулалт” хичээлийг энэ улиралд судалж буй оюутнуудын төлөөлөл 2024 оны 5 сарын 23-нд БНФУ-асс Монгол Улсад суугаа ЭСЯ-нд зочиллоо.

Эл өдрөөр Бурхан багшийн Их Дүйчин өдөр тохиож байсан тул Буддагийн хөшөөг залсан ачааны машин болон Буддын шашны төлөөлөгчид, лам хуврагууд, сүсэгтэн олны урт цувааг Францын ЭСЯ-ны гаднаас харах боломж олдсон юм. Ийнхүү биднийг Францын ЭСЯ-ны хаалгаар ороход Хэргийг түр хамаарагч, ноён Жулиен Пауперт, Хөдөө аж ахуйн атташе, ноён Аугустин Ледэз болон Эрчим хүч, байгаль орчин, уур амьсгалын асуудал хариуцсан атташе, хатагтай Солен Заяа Демарс нар халуун дотноор хүлээн авлаа.

Юун түрүүнд, Элчин зөвлөх ноён Жулиен Пауперт оюутнуудад өөрийн карьерын замнал болон хэрхэн дипломат болсон талаараа ярьсан юм. Тэрбээр ажлын гараагаа анх Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгээс эхлүүлсэн ба Африк болоод бусад тивийн хөгжиж буй хэд хэдэн оронд төлөөлөгчөөр ажиллаж байгаад сүүлийн 12 жил дипломат алба хашиж байгаа ажээ. Тэрбээр Канад улсын армийн офицер цолтой бөгөөд давхар иргэншилтэй цэргийн хүн Францын дипломат болсон нь их содон тохиолдол хэмээн ноён Жулиен хошигнов.

Цаашлаад Монгол Улс болон БНФУ-ын харилцааны товч түүхийн талаар танилцууллаа. Монгол, Францын харилцаа социализмын үед ердөө соёлын харилцааны хүрээнд явагдаж байсан бол Ардчилсан хувьсгалаас хойш илүү олон салбарт тэр дундаа хөдөө аж ахуй, уул уурхайн чиглэлд илүү нягт хамтран ажиллах болсон талаар ярилаа. Мөн хоёр улсын Төрийн тэргүүний албан ёсны харилцан айлчлал Монгол, Францын харилцаанд эерэг нөлөө үзүүлсэн талаар хэлсэн юм. Ирэх жил буюу 2025 онд манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой болох ба энэ ойг тохиолдуулан олон чухал ажил хийхээр төлөвлөж байгаа талаар дурдсан билээ.

 

Мөн БНФУ-д сурч, их, дээд боловсрол эзэмших боломжуудын талаар оюутан бидэнд танилцуулахдаа Францын Засгийн газраас жил бүр 10 оюутанд магистрын тэтгэлэг олгодог  ба уг тэтгэлэгт тээврийн зардал, байр сууцны зардал, сургалтын төлбөр багтдаг бөгөөд сар бүр 500 еврог стипенд болгож өгдөг гэлээ. Оюутнуудын зүгээс яагаад бакалавр болоод докторын зэргээр тэтгэлэг олгодоггүй талаар лавлахад тэтгэлэг олгож байгаа зорилго нь зөвхөн судлаач, эрдэмтэн бэлтгэх гэхээс илүүтэйгээр Франц улсад сурч мэдсэн зүйлсээрээ эх орондоо шууд хувь нэмэр оруулж чадахуйц боловсон хүчин бэлдэхэд оршино хэмээн хариулсан.

Ийнхүү Францын ЭСЯ-ны Элчин зөвлөх болон атташе нар оюутнуудын  тавьсан асуултад нээлттэй хариулж, Монгол-Францын харилцааны цаашдын төлөв болоод хоёр улсын хооронд явагдаж байгаа мега төсөл болох ураны уурхайн талаар үргэлжлүүлэн ярилцлаа. Элчин зөвлөх Жулиен Паупертын хувьд Монгол-Францын харилцааны цаашдын төлвийг их өөдрөгөөр харж байгаагаа илэрхийлээд одоо хэрэгжүүлж буй ураны төсөл болон бусад чиглэлд хамтын ажиллагаа амжилттай өрнөснөөр хоёр орны харилцаа шинэ түвшин буюу Стратегийн түншлэлд хүрэх боломжтой гэж хариулсан юм.

“Монгол Улс өөрөө цөмийн зэвсгээс ангид байх статустай орон боловч ураны төсөл дээр хамтран ажиллах нь ямар нэг асуудал дагуулах боломжтой юу?” хэмээн асуухад цөмийн зэвсгийн хэрэглээ нь зэвсэг үйлдвэрлэх болон хүмүүнлэгийн чиглэлд ашиглах гэсэн хоёр төрөлтэй байдаг хэмээн хариулсан. Тухайлбал, хүмүүнлэгийн чиглэл нь ураны тусламжтайгаар эрчим хүч гаргаж авах юм. Мөн Франц улс нийт 57 атомын станцтай бөгөөд Монголоос олборлосон ураныг зөвхөн эрчим хүчний зориулалтаар ашиглах тул зарчмын хувьд асуудал үүсэхгүй гэдгийг хэлж байлаа.

Оюутнуудаас ирсэн дараагийн асуултаар Монгол Улс далайд гарцгүй тул олборлосон уранаа тээвэрлэхэд хүндрэл, бэрхшээл байгаа эсэхийг лавласан юм. Ноён Жулиен хэлэхдээ Орос, Украины дайнаас улбаалан ОХУ-аар уранаа  тээвэрлэх боломжгүй болсон ба БНХАУ-ын хувьд дотоод эрх зүйн зохицуулалтад тодорхой асуудлууд бий гэдгийг хэллээ. Гэсэн хэдий ч Франц, Хятад хоёр улс найрсаг харилцаатай тул шийдэл олох боломжтой бөгөөд хуурай замаар тээвэрлэх нь цорын ганц шийдэл биш гэдгийг мөн сануулсан юм.

Ийнхүү Элчин зөвлөх Жулиен Пауперт болон атташе нар Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа, төсөл, хөтөлбөрүүд болон хоёр улсын харилцааны ирээдүйн төлөв байдлын талаар санал бодлоо солилцон нээлттэй ярилцаж, оюутнуудын сонирхсон асуултад хариулсан юм.

Монгол Улсад суугаа Франц Улсын ЭСЯ-тай танилцах энэхүү аялал оюутнуудад ихээхэн ач холбогдолтой болж өндөрлөсөн бөгөөд хүн бүр талархсан сэтгэгдлээ илэрхийлж, хамтдаа дурсгалын зураг татуулав. Мөн Элчин зөвлөх болон атташе нартай яриа өрнүүлж, нэрийн хуудсыг нь авах завшаан тохиолдсон билээ. Оюутнуудад өөрсдийгөө сорих, хичээлээс гадуурх орчинд мэдлэгээ тэлэх боломжийг үргэлж олгодог Д. Оюунсүрэн багшдаа талархлаа илэрхийлье.

Тэмдэглэл хөтөлсөн: Э.Энхзаяа, Т.Бямбанаран, Г.Өсөхбаяр (МУИС-ийн УТСОУХНУС-ийн ОУХ хөтөлбөрийн III түвшний оюутнууд)

spsirpaspsirpaspsirpaspsirpa



Дээш