МУИС-ийн УТСОУХНУС-ийн Олон улсын харилцааны тэнхимийн ахлах багш Д.Оюунсүрэн оюутан суралцагчдаа идэвхижүүлэх, лекц сургалтаар сурч буй онолын мэдлэгийг практик үйл ажиллагаатай хослуулан бодит мэдлэг, чадвар, хандлага төлөвшүүлэхэд анхаарч ажилладаг, олон жилийн туршлагатай багш билээ. Түүний “Дипломат ба консулын харилцаа” хичээлийн хүрээнд оюутнууд дипломат төлөөлөгчийн газруудтай танилцах, Монгол Улсад суугаа элчин сайд нартай биечлэн уулзах, Монгол Улсын ГХЯ-ны шилдэг ажилтнууд-дипломатуудын лекц, яриаг сонсож, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлдэг уламжлалтай. Хичээлийн төгсгөлд оюутнууд “Дипломатуудтай хийсэн ярицлага” хамтын бүтээлд ярилцлагаа нийтлүүлж, нийтлэлч байхын, өөрийн хийсэн бүтээсэн зүйл хэвлэгдэж олны хүртээл болохын урам зоригийг мэдэрч, онол дадлыг хослуулсан мэдлэг чадвартай болдог.
“Дипломат ба консулын харилцаа” хичээлийн энэ удаагийн “ЭСЯ-даар зочлох” ээлжит аяллаараа бид Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраар 2024 оны 5 сарын 20-ны өдөр зочилсон юм.
Европын Холбооноос 2017 оны 11-р сард Улаанбаатар хотод албан ёсоор Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраа нээн ажиллуулах болсон бөгөөд уг Төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам нь дипломат халдашгүй бүрэн эрхтэй байж, Төлөөлөгчийн Газрын тэргүүн нь Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын статустай байдаг.
ЕХ-ны Монгол дах Төлөөлөгчийн газар Монгол Улс, Европын Холбооны хоорондын албан ёсны харилцааны асуудлыг хариуцдаг байна. Эдүгээ Европын Холбоо нь 27 гишүүн улстай бөгөөд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явууулж байгаа Төлөөлөгчийн газар нь ЕХ-той холбоотой аливаа асуудлаар ЕХ-ны гишүүн орнуудын ЭСЯ-тай нягт хамтран ажилладаг төдийгүй хоёр талын эрх бүхий байгууллага, институц хоорондын харилцаа, холбооны гол хэрэгсэл болдог байна. Төлөөлөгчийн Газар нь Монгол улсын улс төр, эдийн засаг, хөгжлийн асуудлаар Европын Холбоог цаг алдалгүй мэдээллээр хангаж, манай улстай хөгжүүлж буй хоёр талт хамтын ажиллагаагаанд ихээхэн түлхэц болдог. Бүрэн эрхт улсын ЭСЯ-наас ялгаатай нь ЕХ-ны Төлөөлөгчийн газар гадаад худалдааны сурталчилгаа, консулын асуудал эрхэлдэггүй бөгөөд тэдгээр асуудлыг уламжлал ёсоор ЕХ-ны гишүүн орнуудын ЭСЯ-д хариуцдаг ажээ.
Биднийг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн, хатагтай Аксель Никэйз өөрийн биеэр хүлээн авч уулзсан бөгөөд тэрбээр 1998 оноос Европын Холбоонд ажиллахдаа, сүүлийн 27 жилийн хугацаанд тус Холбооны Брюссель хот дахь төв болон Киргиз, Украин, Энэтхэг улсуудад ажиллаж байсан, 2021 оноос манай улсад суухаар томилогдсон туршлагатай дипломат байв. Элчин сайд хатагтай Аксель Никэз “1989 онд албан ёсны дипломат харилцаа тогтоосноос хойш Европын Холбоо Монголын ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцыг тууштай дэмжиж ирсэн Монгол улсын чухал түнш орон юм. Европын Холбоо 2021-2027 онд Монгол Улсын Засгийн газартай хамтран шинэ түншлэлийн хөтөлбөрийг тогтвортой хөгжил болон ардчилал, эдийн засгийн хөгжил гэсэн үндсэн хоёр чиглэлд хэрэгжүүлж
байна. Өнөөгийн Монгол Улсад ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд илүү тэсвэртэй, төрөлжсөн, өрсөлдөх чадвартай эдийн засагтай болоход дэмжлэг үзүүлэх амин чухал байна. Европын Холбооны тухай, манай хоёр талын хамтын ажиллагааны тухай, тэр дундаа ардчилал, хүний эрх зэрэг бидний нэгдмэл үнэт зүйлийн төлөөх үйл ажиллагааг сонирхож судалж буй оюутнууд та бүхэнд ЕХ-ны Төлөөлөгчийн газрын үйл ажиллагаагаа танилцуулахад таатай байна.
Монгол Улс болон ЕХ-ны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буй энэ жил бид “Ардчиллын төлөө түншлэл” уриан доор арга хэмжээнүүд зохион байгуулж байгаагийн дотор оюутан залууст чиглэсэн үйл ажиллагаанууд багтсан. Монгол бол залуусын орон. Хүн амын дийлэнх нь залуучууд буюу 35-аас доош насныхан байдаг. Залуучууд бол улс орны ирээдүй төдийгүй, ардчиллыг түүчээлж, дэлгэрүүлж дэмжих гол тулгуур хүч тул цаашид боловсролын салбар дах хамтын ажиллаагаагаа улам өргөжүүлж, Эрасмус (Erasmus) тэтгэлэгт хөтөлбөрт Монголын илүү олон оюутан залуусыг хамруулахад анхааран ажиллахаар хичээх болно. Залуучууд та бүхэн ч ЕХ-ны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаарай.” гэсэн юм.
Уулзалтанд мөн бидний эчнээ танил ЕХ-ны Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Дэд тэргүүн, ноён Кристоф Форакс байлцаж, 2022 онд Европын Холбоо, түүний гишүүн улсууд албан ёсоор баталсан “Аюулгүй байдал, батлан хамгаалахын стратегийн луужин” хэмээх 2030 он хүртэл хэрэгжих ЕХ-ны аюулгүй байдлын салбарт баримтлах төлөвлөгөөний талаар танилцуулсан. Стратегийн луужингийн зорилго нь Европын Холбоог аюулгүй байдлын салбарт илүү хүчирхэг болгож, өөрийн иргэдийг хамгаалах чадвартай, олон улсын энх тайван, аюулгүй байдалд хувь нэмэр оруулахад, түншүүдтэйгээ нийтлэг үнэт зүйл, сонирхлоо хамгаалахаар ажиллах чадвартай байхд оршиж байгаа талаар бид түүний ярианаас мэдэж авлаа. Ноён Кристоф Форакс өмнө нь 2024 оны 2 сарын 23-нд манай сургууль дээр Канадын ЭСЯ-наас зохион байгуулсан Украины асуудлаарх залуучуудын байр суурь сэдэвт дугуй ширээний ярилцлаганд оролцож байсан юм.
Уулзалтын төгсгөлд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойд зориулан захиалгаар үйлдвэрлэсэн амтат шоколад, ахиж ирэхийг хүссэн найрсаг зангаар Төлөөлөгчийн газрынхан биднийг үдлээ.
Ардчилал, хүний эрхийн төлөө нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан Европын Холбоо ба Монгол Улсын хоорондын 35 жилийн хөгжлийн хамтын ажиллагааны талаар сонирхолтой, үр дүнтэй чөлөөт уулзалт, эелдэг дотно уур амьсгалтай ярилцлагыг өрнүүлсэн ЕХ-ны Монгол дах төлөөлөгчийн газрын тэргүүн, хатагтай Аксель Никэйз, орлогч тэргүүн, Улс төр, хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга, ноён Кристоф Форакс болон, мэргэжилтэн найрсаг, тусч зантай Никита Люмижио нарт болон энэ уулзалтыг товлон оюутан бидэнд боломж олгосон Д.Оюунсүрэн багшдаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.
Мэдээ бэлтгэсэн: Б.Мишээл