МУИС-ийн УТСОУХНУС-ийн ОУХ-ны тэнхимийн ахлах багш Д.Оюунсүрэнгийн заадаг “Дипломат ба консулын харилцаа” хичээлийн хүрээнд тухайн хичээлийг судалж буй оюутнууд Монгол дахь гадаадын ДТГ-уудад зочилж, үйл ажиллагаатай нь танилцдаг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд бидэнд Канадын ЭСЯ-нд зочилж, Элчин зөвлөх ноён Кирил Иордановтай Канадын дипломат алба болон, түүний хувийн карьерын тухай сонирхолтой ярилцлага өрнүүлэх завшаан тохиов.
Оюутнуудын дунд явцын шалгалтаа амжилттай өгч, ЭСЯ-нд зочлох эрх авах “нууцхан” хүсэл байдаг нь нууц биш. Тийм ч учраас бүгд мэрийлттэй суралцаж, “ширүүн” өрсөлдөж байж жилд ганц, хоёр тохиох ДТГ-уудад зочлох аяллын “тасалбар”-тай болдог. Уламжлал ёсоор ЭСЯ-нд зочлох “тасалбар” авсан оюутнууд 2024 оны 5-р сарын 8-ны өдөр “Сентрал Тауер”-ийн 6-р давхарт байрлах Канад Улсын ЭСЯ-нд зочлов.
Биднийг ЭСЯ-ны хурлын танхимд Элчин зөвлөх, ноён Кирил Иорданов халуун дотноор, хүлээн авч сонирхолтой ярилцлага өрнүүлснийг энд сийрүүлье.
Тэрээр 1980-д оны үед “ЗХУ-ын тэргүүлсэн Варшавын Гэрээний Байгууллага АНУ-ын тэргүүлсэн НАТО-гоос илүү үр дүнтэй бүтэц” мөн болохыг батлах докторын судалгааны ажил хийж байсан боловч Варшавын гэрээ задарснаар түүний судалгааны сэдэв “алга болжээ”. Хожим нь Канад улсад “АНУ-ын тэргүүлдэг НАТО, ЗХУ-ын тэргүүлж байсан Варшавын Гэрээнээс илүү үр дүнтэй бүтэц” мөн болохыг баталсан судалгааны ажил хийж, магистрын зэрэг хамгаалсан хэмээн намуухан хоолойгоор хошигнон ярих Элчин зөвлөх, ноён Кирил Иорданов “эгэл бус” замналыг туулсан нэгэн ажээ. Тэрээр Хүйтэн дайны үед Хар тэнгисийн хөвөө, ЗХУ-ын нөлөөний бүс болох социалист Болгар улсад төрсөн бөгөөд, Софи хотын их сургуульд элсэн суралцаж, олон улсын харилцааны мэргэжил эзэмшсэн байна. Тэрээр төрөлх Болгар улсдаа ажиллаж, амьдарч байгаад Канад улсын иргэнтэй гэр бүл болсноор Канадын дипломат албанд зүтгэх болжээ.
Ноён Иорданов Монгол Улсад ирээд нэг жил орчим болж байгаа бөгөөд түүний 5 дахь гадаад томилолт аж. Тэрээр өмнө нь ОХУ, Пакистан, Бангладеш, Египет зэрэг улсад дипломат алба хашсан туршлагатай дипломат аж. Мөн дипломат хүн гадаад хэлний гүнзгий мэдлэгтэй байхаас гадна, өөр өөр үндэстний шашин, соёл, ёс уламжлалын тухай нарийн ойлголттой байх шаардлагатайг онцлон өгүүлж байв. Хамгийн чухал нь хилийн чанадад томилгоо авсан дипломат хүн маш сайн “дасан зохицох чадвартай” байх ёстой хэмээсэн юм.
Элчин зөвлөхийн ярианаас бид Канад Улсын дипломат албаны тухай өргөн ойлголттой болсон билээ. Канадын хилийн чанад дахь ДТГ-ууд нь 4 үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд үйл ажиллагаа явуулдаг байна. Үүнд:
Канад ДТГ-уудын хүний нөөцийг тодорхой хугацаанд томилогдон ажилладаг Канад иргэд болон гэрээгээр ажилладаг хүлээн авагч улсын иргэд хэмээн үндсэн хоёр төрөлд ангилдаг ажээ.
Тэрээр Канадад дипломатууд карьерынхаа тал хувийг хилийн чанадад томилогдон ажиллаж өнгөрүүлдэг тохиолдол элбэг байдаг тухай өгүүлсэн ба Канадын иргэншил авсан хүн бүрд энэ боломж нээлттэй байдаг аж. Канадын Засгийн газраас дипломат алба хаагчдадаа цалингийн нэмэгдэл болон албан тушаал ахих олон төрлийн “урамшуулал” санал болгодог бөгөөд энэ нь тухайн дипломат ажилтан үүргээ үнэнч шударга биелүүлэх, өндөр бүтээмжтэй ажиллах суурь нөхцөлийг бүрдүүлдэг чухал ач холбогдолтой бодлого хэмээн онцлов.
Канад-Монголын харилцааны тухай өгүүлэхдээ тэрээр Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд Канад Улсыг албан ёсоор “гуравдагч хөрш” хэмээн нэр заан тэмдэглэснийг онцолж, энэ нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хэр ойр дотно байгааг илтгэж байгаа хэмээв. Монгол Улс дахь хамгийн их ГШХО Канад улсаас орж ирсэн бөгөөд өнгөрсөн 12 жилд улсаас оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ $15.8 тэрбумд хүрчээ. Хоёр орны худалдааны эргэлт 2023 онд 50 сая ам.долларт хүрсэн нь Канад-Монголын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг харуулна. 2023 оны байдлаар Монголоос Канадад санхүү, эдийн засаг, уул уурхай, иргэний нисэх, инженер, ХАА-н чиглэлээр 350 оюутан суралцаж байна.
2023 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиосон бөгөөд, харилцаагаа “иж бүрэн түншлэл” хэмээн тодорхойлоод байна.
Элчин зөвлөх Иорданов Канадын тал техникийн туслалцааны түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Шүүхийн Ерөнхий Зөвлөлтэй хамтарч “Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийг хэрэгжүүлж байгааг дурдаж, уг төсөл нь шүүгчийн ёс зүйн зөвлөх хөтөчтэй болох, ёс зүйн зөвлөх хорооны үйл ажиллагааг төлөвшүүлэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, мэдээллээр хангах оновчтой арга зүйг нэвтрүүлэх зорилготой хэмээв.
Мөн Монгол дахь Канадын ЭСЯ визний асуудал эрхэлдэггүй тул Монгол Улсын иргэд Канадын визний хүсэлтээ цахимаар мэдүүлж, хүсэлтийг Хонконг дахь Канадын Ерөнхий консулын газар шалгаж, хариу ирүүлдэг Энэ нь ихээхэн цаг хугацаа, хөрөнгө шаарддагийг онцолж, цаашид иргэдэд учирдаг хүндрэлийг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа хэмээн мэдээлэв.
Канад улсын ЭСЯ-нд зочилсон нь олон улсын харилцааны чиглэлээр суралцаж байгаа оюутнууд бидэнд ДТГ-ын үйл ажиллагааны тухай товч ойлголт өгсөн, мэргэжлээ илүү сайн таньж мэдэхэд тус дэм болсон чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болов. Канад улс манай улсын чухал гуравдагч хөрш бөгөөд, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт цаашид улам хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байсаар байна. Бидэнтэй хувийн туршлага болон Канадын дипломат албаны онцлог, Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын тухай шинэ соргог мэдээлэл хуваалцсан Канадын ЭСЯ-ны Элчин зөвлөх ноён Кирил Иорданов болон арга хэмжээг зохион байгуулж тусалсан манай сургуулийн 2008 оны төгсөгч, Канадын ЭСЯ-ны ажилтан С.Мөнхзул эгчдээ гүн талархал илэрхийлье.
Тэмдэглэл бичсэн: Г.Алтанхишиг