2024 оны 5-р сарын 3-ны өдөр ГХЯ-ны харьяа Дипломат албаны музейтэй танилцах аяллыг МУИС-ийн УТСОУХНУС-ийн “Дипломат ба консулын харилцаа” хичээлийг сонгон судалж буй оюутнуудын төлөөлөл, ахлах багш Д.Оюунсүрэнгийн хамтаар хийгээд ирлээ. Тус музей нь 2001 оны 12-р сард анх нээгдэж, ГХЯ-ны нэг өрөөнд байрлаж байсан бөгөөд харин одоо Гадаад харилцааны төв архивын байранд байрладаг, Монгол Улсын дипломат албаны түүхэнд холбогдох хосгүй үнэт үзмэрүүдээс бүрдсэн нээлттэй мүзей юм.
Үзмэрийн гурван танхимын үүдэн хэсэгт Монгол Улсын үе үеийн ГХЯ-ны сайд нарын хөргийг модон дээр түлж сийлбэрлэх аргыг ашиглан урласан байв. Монгол Улсын Гадаад харилцааны одоогийн сайд Б. Батцэцэг нь энэхүү хүндтэй үүргийг хашиж байгаа дөч дэх эрхэм ажээ.
Танхимын үзмэрүүд нь Монгол Улсад зохион байгуулагдаж буй олон улсын хурал, өндөр дээд хэмжээний айлчлал зэрэгтэй холбоотойгоор
солигдож байдаг. Бидний зочилсон өдөр үзмэрийн гол танхимд НҮБ-д Монгол Улс элссэний 60 жилийн ойд зорулан гаргасан дурсгалын марк, далбаа, талархлын бичиг, саран дээр хүн төрөлхтөн анх хөл тавьсан аялалд мандуулсан 54 далбааны нэг болох Монгол Улсын далбаа, БНХАУ болон Монгол Улсын хилийн байдлыг тогтоосон шалгалтын комиссын баг бүрэлдэхүүний эдэлж, хэрэглэж байсан ханцуйвч, хилийн масштабын тайлан мэдээ хүргүүлэх нууцлал бүхий дугтуй, хилийн зурвасын тэмдэг зэрэг маш сонирхолтой үзмэрүүд байлаа. Мөн танхимын хананд Монгол Улсын дипломатын түүхэнд болж өнгөрсөн онцлох, томоохон үйл явдлуудтай холбоотой баримт, гэрэл зураг, үйл явдлын тайлбарыг байршуулсан нь үзэж буй хүн бүрт ойлгоход хялбар байсныг онцлох нь зүйтэй.
Бидний Дипломат албаны музейд хийсэн аяллын эхний танхимд үе үеийн дипломатуудын хэрэглэж байсан тооны машин, сампин, монгол бичиг, кирилл, латин үсэг дээрх бичгийн машин, суурин утас, нотын дардас гэх мэт үзмэр байлаа. Энэхүү танхимаас нэг үзмэрийг онцлоход дипломат хүлээн авалтад хэрэглэх нэг хүний аяга, таваг, хундаганы иж бүрдэл юм. Тодруулбал, зөвхөн нэг хүний иж бүрдэлд 6 төрлийн таваг, 4 төрлийн аяга, 10 гаруй төрлийн хундага багтдаг аж.
Аяллын маань гол хэсэгт модон дээр монгол бичгээр төвийлгөж бичсэн “Монгол Улсын дипломат ажилтны тангараг”, дипломат цүнх, ёслолын хутга, Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойтой холбогдолтой үзмэрүүд мөн гадаад харилцааны салбарын шагнал, энгэрийн тэмдэг зэрэг байв. Энэ хэсэгт дурдах нэгэн сонирхолтой үзмэр нь өлзий хээний тоо, хэлбэрээр ялгагдах БНМАУ-ын дипломат ажилтнуудын цол зэрэг, тэдний ялгах тэмдэг байлаа. Хамгийн дээд цол болох “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” давхар өлзий хээ, хамгийн бага цол болох атташег хоёр ширхэг хагас өлзий хээгээр зэрэглэн ялгах жишээтэй.
Дипломат албаны музейн аяллын маань төгсгөл хэсэгт БНМАУ-ын 1926 оноос одоог хүртэл шинэчлэгдсэн 20 гаруй загварын паспорт, Маршал Ю. Цэдэнбалын хэрэглэж байсан буйдан ширээ, сандал, Элчин сайд И.Очирбалын хэрэглэж байсан гаанс, асаагуур мөн дипломат албаны 50 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн Гадаад явдлын яамны “Хүндэт дэвтэр” гэх зүйлс байлаа. Энэхүү дэвтэрт Монгол Ардын Хувьсгалт Нам, төрийн гадаад бодлогыг удирдан чиглүүлэх, түүнийг хэрэгжүүлэхэд гарамгай гавъяа байгуулагсад, дипломат албанд олон жил хүчин зүтгэж үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг бичиж байхаар тогтжээ. “Хүндэт дэвтэр”-т бичих хүмүүсийг Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, сайдын тушаалаар баталж байхаар зохицуулсан бөгөөд 1971-1989 оны хооронд нийт 8 хүнийг “Хүндэт дэвтэр”-т дуурсган гараар бичсэн байдаг.
Үзмэрүүдийн дунд монгол гэр хэлбэртэй, хөх өнгөтэй, гоёмсог шилэн эдлэл, чихрийн таваг, цэцгийн сав байсан нь монголчуудын өөрсдөө үйлдвэрлэж, гадаадад суугаа ЭСЯ-даа хэрэглэдэг байсан шилэн эдлэл бөгөөд он цагийн уртад бараг бүгд үрэгдэж алга болсон ч Вьетнамд суугаа Монгол Улсын ЭСЯ-нд ганц хувь үлдсэн байсныг Дипломат албаны музейд авчирч, сан хөмрөгөө баяжуулсан хэрэг байв.
Тус музейн үзмэрүүд нь Монгол Улсын үе үеийн ахмад дипломатууд болон элчин сайдуудын эдэлж, хэрэглэж байсан зүйлсээр баялаг байсан нь үзсэн хүнийг дипломат хүн өглөөг яаж эхлүүлдэг, өдрийн ажил нь хэрхэн өрнөдөг, ажил хэргээ явуулахдаа ямар ямар бичгийн хэрэгсэл ашигладаг, ажлын өрөөний зохион байгуулалт, тавилгын сонголт, дүрэмт хувцас, ажлын цүнх гээд музейг үзэж байх хугацаандаа яг л дипломат болчихсон мэт мэдрэмж төрүүлэхүйц тийм нандин цаг хугацааг өнгөрүүллээ.
Эцэст нь биднийг халуун дотноор хүлээн авч, үнэт үзмэрүүдээ нэг бүрчлэн, сонирхолтой сайхан танилцуулсан тус музейн ахлах мэргэжилтэн Ж.Батчимэг эгчдээ талархсанаа илэрхийлье.
Мэдээ бичсэн М.Мөнхзул, Н.Цэнгэг