Тэнхимүүд

Нийтийн удирдлагын тэнхим

МУИС-ийн Нийтийн удирдлагын тэнхим нь нийтийн удирдлагын чиглэлээр бакалавр, магистр, докторын түвшний сургалт зохион байгуулдаг. Тус тэнхим нь гадаад, дотоодын их сургуулиудад суралцаж, ажилласан туршлагатай багшлах бүрэлдэхүүн, олон улсын эрдэмтэдтэй хамтран ажилладаг уламжлалд тулгуурлан сургалтын үйл ажиллагаагаа хөгжүүлж байна.

Түүхэн хөгжил

Тус тэнхим 2011 онд МУИС-ийн тухайн үеийн Эдийн засгийн сургуульд “Төрийн захиргааны менежмент” нэртэйгээр байгуулагдсан. МУИС-ийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн дагуу 2013 оноос УТСОУХНУС-ийн бүрэлдэхүүнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Тэнхимийн эрхлэгчээр 2011–2020 онд профессор, доктор Н.Бурмаа, 2020–2023 онд доктор Г.Баасанжав, 2024–2026 онд доктор Н.Цэрмаа нар ажилласан. 2026 оноос дэд профессор Г.Мягмар тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.

Сургалтын хөтөлбөр

Нийтийн удирдлагын тэнхим нь “Төрийн удирдлага” хөтөлбөрөөр бакалавр, магистр, докторын түвшний сургалт зохион байгуулж ирсэн бөгөөд бакалаврын хөтөлбөр нь үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн. 2025 оноос хөтөлбөрийн нэр, индексийг шинэчилж, “Нийтийн удирдлага” нэрээр бакалавр, магистр, докторын гурван түвшний сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна. 2021 онд бакалавр, 2026 онд магистрын хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн.

Суралцагчид олон улсын жишигт нийцсэн сургалтын төлөвлөгөөний дагуу ерөнхий суурь, мэргэжлийн, мэргэшүүлэх болон сонгон суралцах хичээлүүдийг судалдаг. Мөн хөтөлбөрийн онцлогт нийцсэн мэргэжлийн буюу үйлдвэрлэлийн дадлагыг холбогдох байгууллагуудад гүйцэтгэж, онолын мэдлэгээ практикт хэрэглэх боломжтой.

Багшлах бүрэлдэхүүн

Тэнхимийн багш нар ХБНГУ-ын Шпайерын Төрийн захиргааны их сургууль, АНУ-ын California State University, Roosevelt University, Аласка Анкоражийн Төрийн удирдлагын их сургууль, Японы Киото их сургууль, БНСУ-ын Hansung University болон Монгол Улсын Их Сургууль зэрэг гадаад, дотоодын их сургуулиудад суралцаж, ажилласан туршлагатай. Багш нар мэргэжлийн мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх зорилгоор гадаад, дотоодын богино, дунд, урт хугацааны сургалт, судалгаанд хамрагддаг.

Олон улсын хамтын ажиллагаа

2011 оноос ХБНГУ-ын Шпайерын Төрийн захиргаа судлалын институтын захирал, МУИС-ийн хүндэт доктор, профессор Ян Цыков сургалтын хөтөлбөрийн зөвлөхөөр ажиллаж, хөтөлбөрийн агуулга, онцлог, шинэчлэлийн талаар зөвлөгөө өгч ирсэн. Мөн МУИС-ийн УТСОУХНУС-ийн хүндэт доктор, профессор Штефан Ханселманн, хүндэт доктор, профессор Жонн Даффи нар зочин профессороор хамтран ажиллаж, сургалтын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулдаг.

Тэнхим жил бүр ХБНГУ, АНУ, Канад, ОХУ, Польш, БНСУ, Япон улсаас зочин судлаач, профессоруудыг урьж лекц уншуулдаг.


Сургалтын төлөвлөгөө
Багш нар

 
Дээш